
Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн яамны Амьтны эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээний газрын дарга Надер Мохлед Аль-Харби, Амьтны хорио цээрийн газрын захирал Салех Ал Саад тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 04 дүгээр сарын 12-18-ны хооронд Монгол Улсад ажиллаж байна.
Тус төлөөлөгчдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Махны холбоо зэрэг байгууллагуудтай хоёр талт уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар мал эмнэлгийн тогтолцоо, мал, амьтны эрүүл мэнд болон амьд мал, тахианы өндөг Монгол Улсаас Саудын Арабын Хаант Улсын зах зээлд нийлүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Саудын Арабын Хаант Улс 34.4 сая хүн амтай, жилд 10.0 сая орчим хонины халал мах импортолж, хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд “Хаж” буюу лалын шашинтнуудын их мөргөл үйлдэх жил тутмын ёслолын үеэр ойролцоогоор 2.0 сая хонь амьдаар импортлох хэрэгцээ үүсдэг байна.
Иймд монгол малын эрүүл мэнд, мал эмнэлгийн үйлчилгээний тогтолцоо, хорио цээрийн арга хэмжээ, олон улсын гэрчилгээний нөхцөлийг харилцан тохиролцож баталгаажуулах, цаашлаад тээвэр логистик асуудлуудыг судлахаар ажлын хэсэг ажиллана.







Сэтгэгдэл үлдээх